Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 5 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир нутгаар 3,4-4,6 градус, бусад сумдын нутгаар 5,8-12,1 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хашаат, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2-2,8 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 17,0–18,0 градус, бусад нутгаар 20,0-25,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Цахир, Хангай, Булган сумдын нутгаар 9,0-10,0 градус, бусад нутгаар 3,0-8,0 градус хүйтэн байсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хайрхан сумдын нутгаар 16,0-20,0 градус, бусад сумдын нутгаар 11,0-15,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Хангай, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 41,0-46.0 градус, бусад сумдын нутгаар 48,0-54,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хайрхан нутгаар 2,0-7,0 градус, бусад нутгаар 8,0-13,0 градус хүйтэн байсан байна. Аймгий ихэнх нутгаар хөрсний гадарга дээр 40,0 градусыг давж 1-11 өдөр дулаарсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 9,1-58,3 мм хур тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Чулуут, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Жаргалант, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 - 26 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 26 метр хүрсэн байлаа. Аймгийн ихэнх сумдын нутгаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байлаа. 10м/с дээш салхитай өдөр Төвшрүүлэх, Өгийнуур, Чулуут, сумдын нутгаар 8-9 , Өлзийт, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар 13-15 өдөр, бусад сумдын нутгаар 18-27 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 31-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалт Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Хангай, Цахир сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , бод мал төллөх , ямаа самнах, малд тарилга хийх, туулга өгөх. Мал хөнгөлөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 31-ны байдлаар аймгийн ихэнх нутгаар салхи шуурга ихтэй, олон жилийн дунджаас хүйтэн байгаа нь мал төллөх, ургамлын ургалт, зуншлагын байдалд тааламжгүй байлаа. Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Хашаат, Хотонт,Жаргалант сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа